СЭТГЭ ТУРШ

СЭТГЭ, ТУРШ, БҮТЭЭ

Сэтгэнэ гэдэг шинэ санаа олох, шинийг санаачлах юм. Өөрөөр хэлбэл бүтээлчээр сэтгэнэ гэсэн үг. Бүтээлч сэтгэлгээний талаар ярихын тулд эхлээд “Бүтээл”-ийн тухай цөөн үгээр тайлбарлая.

Бүтээл бол хүний оюун санааны хүчээр үүсэн бий болж, хүний гараар бүтээгддэг гайхамшигтай сайхан зүйлс юм. Уран зураг, уран баримал, хөшөө дурсгал, гар урлал зэрэг бодит бүтээлүүдээс гадна шүлэг яруу найраг, уран зохиол, хөгжим, жүжиг, кино, соёл урлаг зэрэг оюуны үнэт бүтээлүүдийг бид нэрлэж болно. Бүгдээрээ бүтээлчээр сэтгэсний үр дүн.

Соёлын үнэт зүйлс бүгд л хүний бүтээлч сэтгэлгээнээс урган гарч, нөр их хөдөлмөрийн ачаар бүтээл болон нийтэд хүрдэг. Эдгээрийг туурвигч хэн бүхэн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх тусам бүтээлийн чанар чансаа өсөн хөгжиж, нэг нь нөгөөгөөсөө илүү төгөлдөржин баяжсаар хүн төрөлхтөний үнэт өв болон үлдсээр байгааг бид мэднэ.

Хэдийгээр хүн бүхэн уран бүтээлч болохгүй ч гэсэн хүн бүхний тархинд бүтээлч сэтгэлгээний үндэс соёолох боломжтой юм. Гагцхүү түүнийг өсгөн ургуулах эсэх шийдвэрийг хүн өөрөө л гаргана. Надад авъяас байхгүй, уран бүтээлч сэтгэлгээ үгүй гэж бодсон тэр цагаас л өөрийн бүтээлч сэтгэлгээг бүрмөсөн үгүй болгочихно.

Яагаад заавал уран бүтээлч сэтгэлгээгээр жишээлээд байгааг ойлгоно биз дүү минь. Аливааг сэдэн, шинэ санаа олох нь өөрөө хүний урлан бүтээх бүтээлч сэтгэлгээнээс улбаатай учир.

Хэзээ нэг өдөр хэн нэгний хийсэн бүтээсэн бүтээлийг хараад үүнийг ингээд хийчих байж, ингэвэл илүү аятайхан болохоор юм гэхчилэн бодол толгойд орж ирдэг дээ. Ингэж бодож байгаагүй хүн бараг байхгүй байх. Тэгвэл тэр бодол чиний бүтээлч сэтгэлгээний илрэл биш гэж үү? Тэгэхээр хожимдохоосоо өмнө өөрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, бүтээлч санаагаа заавал туршиж үзээрэй!

Дэлгэрэнгүйг “Өөрийгөө бүтээ” номоос…/тун удахгүй/

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ