ХӨДӨЛМӨРЛӨ ХИЧЭЭ

ХӨДӨЛМӨРЛӨ, ХИЧЭЭ, ЗҮТГЭ

Бүтээлч сэтгэлгээний хөгжил, бүтээлч санаагаа турших нь хичнээн чухал болохыг өмнөх хэсэгт тайлбарласан. Түүний салшгүй нэгэн хэсэг нь хөдөлмөр болон хичээл зүтгэл юм. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг дээ. Миний хувьд үүнтэй санал нэг. Учир нь хүний оюун санаагаар болон гараар бүтээгдсэн бүхэн хөдөлмөрийн үр шим юм.

Байгаль эхийн бүтээн бий болгосон бүх зүйлээс гадна хүний хэрэгцээний бүхий л зүйлс хөдөлмөрөөр бүтээгдсэн. Хөдөлмөрийн үр шимээр хүн төрөлхтөн гайхамшигт нээлтүүдийг хийсээр, үеийн үед хөгжсөөр орчин цагийн хөгжлийг авчирсан, цаашид ч улам бүр хөгжин дэвжих нь гарцаагүй.

Хөдөлмөрийг оюуны болон биеийн хүчний хөдөлмөр гэж ялган нэрлэж болно. Тэгвэл оюуны хөдөлмөр өөрөө бүх төрлийн хөдөлмөрийн эх үүсвэр нь юм. Оюуны хөдөлмөрийн нэг онцлог нь гарт баригдахгүй, зарим нь нүдэнд үзэгдэхгүй ч асар их үнэ цэнийг агуулж байдаг.

Яагаад гэвэл оюуны бүтээлүүд хүний зүрх сэтгэлээс урган гарч, бусдын зүрх сэтгэлд хүрч байдаг учраас тэр. Мөн хийсвэр мэт боловч бодит үр дүн үзүүлж байдаг нь оюуны хөдөлмөрийн үнэ цэн юм. Бид мэднэ шүү дээ, хөгжим, дуу шүлэг, ном зохиол, өв соёл гэх мэт оюуны хөдөлмөрийн үр шимийг.

Орчин үеийн техник технологийн болон оюун санааны нээлтүүд болон бүтээлүүд ч үүнд багтана.

Оюуны бүтээлүүд бүтээлч сэтгэлгээ, шинэ санаанаас эхтэй бөгөөд нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Монголчууд эрт дээр үеэсээ л оюуны их өв сангаа хөгжүүлэн баяжуулж, үеэс үед өвлүүлсээр ирсэн. Өнөө ч бидэнд өвлөгдсөн оюуны өв санг тэр бүр сайн ухан ойлгож таниагүй бол дүү минь одооноос үүнд анхаарч хичээгээрэй!

Дэлгэрэнгүйг “Өөрийгөө бүтээ” номоос…/тун удахгүй/

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ