“Өөрийгөө бүтээ” номын тухайд товч
Хувь хүний хөгжил хэмээн хүн бүр хошуурах болсон энэ цаг дор миний хувьд өөрийн амьдралын алдаа онооноос суралцсан, Монгол уламжлалаас ухаарсан, сэтгэл судлалын шинжлэх ухаан, хувь хүний хөгжлийн талаар судалж мэдсэн, ойлгон ухаарсан зарим нэгэн чухал зүйлсийг залуус дүү нартаа захиж үлдээхийг хүссэн минь энэ. Мэдээж судалгаа, мэдээллийн эрэлд гарсан зохиолчид, эрдэмтэд, хүний хөгжил судлаачид, сэтгэл зүйчид эсвэл өөрөө амьдралаараа туулан өнгөрүүлсэн алдартнууд, амжилтад хүрсэн хэн бүхэн энэ талаар олон төрлийн ном бүтээл туурвисан байдаг.
Хүн бүрийн хүмүүжил төлөвшил, амьдралын ухаан, мэдлэг боловсрол, мэргэжил, суралцан хөгжсөн арга туршлага, зам мөр нь өөр өөр ч миний зүгээс нэг зүйлийн талаар бичиж үлдээхийг, Монгол хүн бүр заавал мэдэж байх хэрэгтэй гэдгийг сануулахыг чухалчилсан билээ. Энэ юу гэвээс Их Эзэн Чингис хааны үр хойч болох хувь тохиолтой монголчууд бид уламжлалаа хадгалан өвлүүлж, түүн дээрээ тулгуурласан хувь хүний онцлогоо таньж мэдэн хөгжүүлэх боломжтойг хүн бүрт сануулах гэсэн юм. Уламжлалаа шингээсэн шинэчлэл өөрчлөлтөөр Монгол хувь хүний хөгжил илүү өндөр түвшинд хүрээсэй хэмээн хүссэн билээ.
Тиймдээ ч бусад олон төрлийн номуудад бичигдсэнтэй адилаар хэн нэгэн хүний амьдралаас жишээ татах болон хэн нэгэн суутны хэлсэн үгээс иш татахыг урьтал болгоогүй юм. Харин Их Эзэн хааныхаа сургаал, Монгол ардын зүйр цэцэн үгсээс иш татан тайлбарлах болон өөрийгөө бүтээн хөгжүүлсэн бодит туршлагаасаа хуваалцахыг илүүд үзлээ.
Хүний амьдрал гэдэг өмнөх түүхийн алдаа дутагдлаас суралцан хөгжиж, хойшдоо илүү сайн сайхныг бүтээн, өмнөх үе нь залуу хойч үедээ захиас сургамжаа үлдээхийн хэлхээсээс бүрдэнэ. Гагцхүү түүнийг оюун ухаан, сэтгэл зүрх, ухамсартаа шингээн ойлгож, алдаа дутагдлаасаа суралцан, өмнө нь бүтээсэн сайхан бүхнээр ул сууриа хийж, шинэчлэн хөгжүүлэх үүргээ хойч үе маань түүчээлэн явах учиртай юм.
Монголчууд бидний бахархал болсон дэлхийн хүн Их Эзэн хааны үлдээсэн түүх болон түүнээс өмнөх болон хойших бидний өвөг дээдэс хэчнээн хатуу бэрх амьдралаас өнөөдрийн энэ сайхан цаг үед хүргэхээр тэмцэж ирсэн түүхийг бид уншиж, сонсож, түүхэн киноноос ч үзэж бахархсаар яваа. Гагцхүү орчин үеийн технологийн эрин үед энэхүү бахархлаа гээгдүүлэлгүй, уламжлалаа ор тас марталгүй илүү шинэчлэн хөгжүүлэх үүргийг Монгол хүн бүр хийж хэрэгжүүлнэ гэдгийг санаж, сэрж, бүтээх болох нь. Үүний тулд Монгол хүний хувь хүний хөгжлийг шинэ шатанд гаргах, чухам яг яаж хэрхэн төлөвших, боловсрох, хөгжих талаар зайлшгүй анхаарах хэд хэдэн санааг та бүхэнд дуулгахаар сэтгэл шулуудсан нь энэ ээ.