Чулуу таалцъя тоглоом
Монголчууд эртнээс байгаль дэлхийтэй хэрхэн харьцах талаар хүүхэддээ зааж сургаж, байгалийн бүтээгдэхүүнийг өөрийн амьдрал ахуй, орчин нөхцөлдөө тохируулан ашиглаж ирсний нэгэн илрэл нь чулуун тоглоомын уламжлал билээ. Чулуун тоглоом бол Монголчуудын хувьд хамгийн түгээмэл хэрэглэгддэг уламжлалт хүүхдийн тоглоом юм. Жишээ нь: чулуун гэр барьж тоглох, 5 хошуу малыг чулуугаар төлөөлүүлэн тоглох, чулуу таалцах тоглоом гэх мэт.
Чулуу таалцах тоглоом нь хүүхэд тоо бодож, тоолж сурахад нь тусалдаг. Мөн хүүхдийн төсөөллийг хөгжүүлэн, хийсвэр сэтгэлгээ, оюун сэтгэхүйн хөгжилд чухал нөлөөтэй. Байгалийн чулуугаар тоглох нь хүүхдэд танин мэдэхүйн бодит төсөөллийг өгөхийн зэрэгцээ эрүүл мэндэд нь үл харшлах ач холбогдолтой. Тиймээс та ч мөн хүүхэдтэйгээ хамт чулуу таалцах тоглоомоор тоглож, уламжлалт тоглоомыг таниулаарай.