Хүн болох урлаг
Хүүхдийн хүмүүжил төлөвшилд эцэг эхчүүдийн оролцоо хичнээн чухал болохыг, хүнээр хүн бүтээх нь зөвхөн эцэг эх байх үүргээр хязгаарлагдахгүй тул аав ээж болцгооё гэсэн санааг дэвшүүлсэн ном юм.
Зөвхөн эцэг эх байх үүрэг гэдэг нь хүүхдийн анхан шатны хэрэгцээ орон байр, хоол хувцас зэрэг материаллаг хэрэгцээг хангах асуудал болно. Харин бид “аав ээж” байснаар хүүхдээ сонсож, тэдэнтэй ярилцаж, тэднийг хүндэтгэж, итгэл найдварыг төрүүлэн, амьдралд бэлтгэх шаардлагатай байгааг онцолсон бөгөөд аав ээж байхын тулд бид өөрсдөө хувь хүний хөгжилдөө анхаарал хандуулахыг уриалсан.
Өөрөөр хэлбэл эцэг эхийн үүрэг дээр нэмэх нь аав ээж байх үүргээ сайн биелүүлж чадвал хүүхдийнхээ ирээдүйг зөв бөгөөд сайнаар бүтээх боломжтой гэсэн үг. Үүний тулд өөрсдөөсөө эхлэх, хүүхэдтэйгээ ойр найз нөхөд шиг нь байж, зөв чиглүүлэх, зөв Монгол иргэн төлөвшүүлэхийг зорих шаардлага бидэнд байна.
Монгол хүний төлөвшилд Монгол ардын уламжлалт хүмүүжлийн арга барилыг орчин үеийн эерэг арга барилтай хослуулан хэрэглэхийг санал болгосноороо онцлог ном болсон.
Монгол хүний төлөвшилд аав ээжүүдийн үлгэр дууриалал, уламжлал ёс заншлаа хүндэтгэх, түүнээс суралцах, амьдрах ухаанд суралцах, өөрийгөө хөгжүүлэх, бусдыг энэрэх, хайрлах гэх мэт сайн сайхан дадал хэвшил суулгах тал дээр илүүтэй анхаардаг. Эдгээр нь бусад улс орны хүмүүжлийн ухаанаас дутахааргүй сургамжууд бидэнд ч бас байгааг харуулна. Тиймээс Монгол хүмүүжлийн ухааныг орчин үетэйгээ хослуулан хөгжүүлэх шаардлага байгааг тус номоор илэрхийлсэн юм.