Урла тогло брэндийн тухай

Залуу аав ээжүүдэд Монгол хүмүүжлийн болон хувь хүний хөгжлийн мэдээлэл хүргэх, мэдлэг болгон өөрсдийгөө хөгжүүлэхэд нь дэм болох.

Урла Тогло Монгол брэндийг үүсгэн байгуулагч Ч. Алимаа миний бие хувь хүний хөгжлийн талаарх судалгаа, сургалтын чиглэлээр 10 гаруй жил ажилласан. Энэ хугацаандаа хувь хүнийг зөв хөгжүүлэх, чадваржуулахын тулд хүүхдийн суурь хүмүүжил төлөвшилд эхнээс нь анхаарах зайлшгүй шаардлага байгааг ойлгосон юм. Олж мэдсэн, ойлгож ухаарсан, Монголын ирээдүйд хэрэгтэйн учир зориг шулуудан ажил хэрэг болгохоор шийдсэн шийдэл нь явсаар Урла Тогло брэндийг үүсгэх шалтгаан болсон билээ.

Монгол хүмүүжлийн ухаанд хүүхдийг тоглоомоор дамжуулан хөгжүүлэх, зөв хүн болон төлөвшихөд нь аав ээжүүдийн оролцоог ихэд чухалчилдаг байжээ. Энэ нь биднийг өв уламжлалаасаа илүү их суралцах, түүнийг улам бүр хөгжүүлэх, орчин үеийн хүүхдийн сэтгэлгээнд тохируулах, өвлүүлэх зэрэг олон талаас нь бодолцох шаардлага байгааг сануулж байна. Үүнд хамгийн түрүүнд анхаарал хандуулах хүмүүс бол залуу аав ээжүүд юм. Өөрсдөө мэдэхгүй бол хүүхдүүддээ хэрхэн зааж зөвлөх билээ, тэднийг хэрхэн чиглүүлэх билээ. Тиймээс Урла Тогло-той мэдээлэл солилцон хамтдаа хөгжицгөөе!

Бүтээлч хүүхэд
Бүтээгч ирээдүй

Ер нь л хүн бүрийн суурь төлөвшил тогтох газар нь гэр бүлийн орчин байдаг. Энэ орчныг бүрдүүлэгч аав ээж бүр өөрийн төлөвшилд анхаарч чадаж гэмээнэ хүүхэд даган дууриаж зөв, сайн ХҮН болон төлөвших юм. Монголчууд хүүхдийнхээ хүн болох төлөвшилд хамгийн их анхаардаг байсан нь аав ээж болсон хэн бүхэн өөрийгөө хичээн хөгжүүлж, үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж ирснээс харагддаг. Сайн төлөвшилтэй, эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй, эерэг харилцаатай, эх орныхоо эзэн болсон зөв хувь хүн бүр өөрийн амьдралдаа болон улс орондоо үнэтэй хувь нэмэр оруулдаг учраас тэр юм.

Монгол уламжлалаас суралцаж, орчин үеийн хувь хүний хөгжлийг судалсны үндсэн дээр хувь хүний хөгжилд дараах үзүүлэлтүүдийг бид хэрэгжүүлэх шаардлагатайг олж тогтоосон болно. Үүнд:

Монгол хүмүүжлийн ухаан

Эрүүл энхийн дадал

Эх хэл, эрдэмт хүмүүн

Монгол ахуйн харилцаа

Өв соёл үндэстний дархлаа

Тиймээс л аав ээжүүдэд зориулан үндэстний уламжлалаа гээгдүүлэлгүй, орчин үетэйгээ ч хөл нийлүүлэн алхахад дөхөм болох үүднээс Монгол хүүхдийн төлөвшилд өөрийн мэдсэн, суралцсан бүхнээсээ хуваалцъя гэсэн чин сэтгэл өвөртлөн энэхүү сайтаа нээж байгаа юм.

Та бүхний үнэтэй санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай харилцан, хамтдаа хөгжинө гэдэгтээ итгэлтэй байна.