“Өөрийгөө бүтээ” номын тухайд товч
Хувь хүний хөгжил хэмээн хүн бүр хошуурах болсон энэ цаг дор миний хувьд өөрийн амьдралын алдаа онооноос суралцсан, Монгол уламжлалаас ухаарсан, сэтгэл судлалын шинжлэх ухаан, хувь хүний хөгжлийн талаар судалж мэдсэн, ойлгон ухаарсан зарим нэгэн чухал зүйлсийг залуус дүү нартаа захиж үлдээхийг хүссэн минь энэ. Мэдээж судалгаа, мэдээллийн эрэлд гарсан зохиолчид, эрдэмтэд, хүний хөгжил судлаачид, сэтгэл зүйчид эсвэл өөрөө амьдралаараа туулан өнгөрүүлсэн алдартнууд, амжилтад хүрсэн хэн бүхэн энэ талаар олон төрлийн ном бүтээл туурвисан байдаг.
Хүн бүрийн хүмүүжил төлөвшил, амьдралын ухаан, мэдлэг боловсрол, мэргэжил, суралцан хөгжсөн арга туршлага, зам мөр нь өөр өөр ч миний зүгээс нэг зүйлийн талаар бичиж үлдээхийг, Монгол хүн бүр заавал мэдэж байх хэрэгтэй гэдгийг сануулахыг чухалчилсан билээ. Энэ юу гэвээс Их Эзэн Чингис хааны үр хойч болох хувь тохиолтой монголчууд бид уламжлалаа хадгалан өвлүүлж, түүн дээрээ тулгуурласан хувь хүний онцлогоо таньж мэдэн хөгжүүлэх боломжтойг хүн бүрт сануулах гэсэн юм. Уламжлалаа шингээсэн шинэчлэл өөрчлөлтөөр Монгол хувь хүний хөгжил илүү өндөр түвшинд хүрээсэй хэмээн хүссэн билээ.
Тиймдээ ч бусад олон төрлийн номуудад бичигдсэнтэй адилаар хэн нэгэн хүний амьдралаас жишээ татах болон хэн нэгэн суутны хэлсэн үгээс иш татахыг урьтал болгоогүй юм. Харин Их Эзэн хааныхаа сургаал, Монгол ардын зүйр цэцэн үгсээс иш татан тайлбарлах болон өөрийгөө бүтээн хөгжүүлсэн бодит туршлагаасаа хуваалцахыг илүүд үзлээ.
Хүний амьдрал гэдэг өмнөх түүхийн алдаа дутагдлаас суралцан хөгжиж, хойшдоо илүү сайн сайхныг бүтээн, өмнөх үе нь залуу хойч үедээ захиас сургамжаа үлдээхийн хэлхээсээс бүрдэнэ. Гагцхүү түүнийг оюун ухаан, сэтгэл зүрх, ухамсартаа шингээн ойлгож, алдаа дутагдлаасаа суралцан, өмнө нь бүтээсэн сайхан бүхнээр ул сууриа хийж, шинэчлэн хөгжүүлэх үүргээ хойч үе маань түүчээлэн явах учиртай юм.
Монголчууд бидний бахархал болсон дэлхийн хүн Их Эзэн хааны үлдээсэн түүх болон түүнээс өмнөх болон хойших бидний өвөг дээдэс хэчнээн хатуу бэрх амьдралаас өнөөдрийн энэ сайхан цаг үед хүргэхээр тэмцэж ирсэн түүхийг бид уншиж, сонсож, түүхэн киноноос ч үзэж бахархсаар яваа. Гагцхүү орчин үеийн технологийн эрин үед энэхүү бахархлаа гээгдүүлэлгүй, уламжлалаа ор тас марталгүй илүү шинэчлэн хөгжүүлэх үүргийг Монгол хүн бүр хийж хэрэгжүүлнэ гэдгийг санаж, сэрж, бүтээх болох нь. Үүний тулд Монгол хүний хувь хүний хөгжлийг шинэ шатанд гаргах, чухам яг яаж хэрхэн төлөвших, боловсрох, хөгжих талаар зайлшгүй анхаарах хэд хэдэн санааг та бүхэнд дуулгахаар сэтгэл шулуудсан нь энэ ээ.
Өөрийгөө бүтээ номыг уншсанаар
Өөрийгөө таних
Монгол хүний өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл бол өөртэйгөө ажиллах, өөрийгөө таних, өөрийгөө л засаж сайжруулахын төлөөх хичээл зүтгэл байх учиртай. Үүнийг өдөр бүрийн сайн дадлаар хэвшүүлж чадвал зөв хүн болон төлөвших юм.
Эрүүл мэндээ хайрлах
Монгол хүн бүр эрүүл бие бялдартай, ухамсартай, оюун өндөр чадавхитай, өөрийгөө дайчлан хөгжүүлэгч, дотоод мөн чанараа таньж ойлгосон, өрөөл бусдад тусламжийн гараа сунгасан, хүнлэг энэрэнгүй бөгөөд эрх чөлөөтэй байхад суралцацгаая!
Эрдэм мэдлэгийг дээдлэх
Зөв сайханд уриалан манлайлагч, шударга эерүүг эрхэм болгосон, эрдэм мэдлэгтэй, эрхэм боловсролтой, мэргэжилдээ ур чадвартай, зөв Монгол хүн болохын тулд үргэлжид суралцагч байя!
Харилцааны ур чадвар
Харилцааны хамгийн анхны ур чадвар бол сонсох юм. Бусдыг сонсож чаддаг хүн харилцаанд оролцохдоо өөртөө итгэлтэй, бусдын итгэлийг даадаг, эерэг хандлагатай, тодорхой байх бөгөөд бусдыг хүлээн зөвшөөрөхөд суралцсан байдаг.
Эх орныхоо эзэн байх
Эх хэлний гайхамшигт шимтэн суралцаж, их түүхийн сурвалжийг судлан, Монгол ухааны мөн чанарыг танин мэдэж, өв соёлоо хайрлан хамгаалах нь эх орондоо эзэн байгаагийн хамгийн энгийн илэрхийлэл юм.
Угтаа бол, Монголчууд өөрсдөө бидний уг чанарт байдаг Чингис хааны хувь хүний ур чадвараас нь суралцан хөгжвөл орчин үеийн Монгол хүнийг шинэчлэн бүтээж, цаашилбал илүү сайхан ирээдүйг цогцлоож чадна. Мэдээж бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд шинжлэх ухаанч мэдлэгээ тэлэн хөгжүүлэх хэрэгтэй ч, үндэстний дархлаагаа нэн тэргүүнд тавьж, түүн дээр нэмэх нь бусдаас суралцах мэдлэг туршлага байхад буруудах зүйлгүй.
Суралцан хөгжинө гэдэг тэгвэл юу гэсэн үг вэ? Энд зөвхөн сургуульд сурах залуу үеийг дангаар нь хэлсэнгүй, ахмад үе ч мөн хамтдаа хөгжих хэрэгтэй бөгөөд хүн бүхэн дор бүрнээ суралцан хөгжиж гэмээ нь улс хөгжихийн үндэс болохыг олон дахин сануулах болно. Тиймдээ ч суралцан хөгжих гэдэг үг нэлээдгүй их давтагдах байх, илэрхийлэх утга бүрт нь анхаарлаа сайтар хандуулахыг хүсье! Энд залуус дүү нар та бүгдийн үүрэг томоос том байр суурийг эзэлнэ гэдгийг үргэлж санаж яваарай! Хүн бүрийн зүрх сэтгэлийн дуудлага, хичээл зүтгэл, хамтын хөгжлөөр дамжуулан эх орноо хөгжүүлэхийг хүссэн мөхөс миний санааг дэмжинэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Орчин үеийн залуус дүү нар маань ёс зүйтэй, соёлтой, өндөр боловсролтой, илүү чадварлаг болж байгаа нь баярлууштай зүйл яах аргагүй мөн. Гэвч Монгол уламжлалт төлөвшил, энгийн амьдрах ухаан, зан заншлаасаа түлхүү суралцаж улам сайн хөгжөөсэй хэмээн, үүнд бага ч болов сэдэл төрүүлэхийн үүднээс энэхүү номоо бичсэн болно.
Миний бие хувь хүний хөгжлийн судалгааг хийхдээ Монгол хувь хүний хөгжлийн үзүүлэлтүүдийг өөрийнхөө ойлголтоор тодорхойлохыг хичээсэн билээ. Эдгээр үзүүлэлт тус бүртээ Монгол ухаан, уламжлалыг шингээх нь бидний амин чухал асуудал болохыг ухаарсан юм. Ганцаараа ойлгож ухаараад өнгөрөх биш олуулаа энэ талаар ойлгож, гүнзгий судлаасай, тал бүрээс нь хараасай, амьдралдаа хэрэгжүүлэхийг зориосой гэсэндээ ийнхүү бичиж байгаа юм.