Ертөнц гэхээр тэр чигээрээ дэлхий ертөнцийн тухай төсөөлөгдөж байгаа байх. Хүн бүр л тэгдэг. Тэгээд л, тэрхүү дэлхий ертөнцийг хэрхэн өөрчлөх талаар магадгүй улайран зүтгэдэг байх. Томоор харвал тийм, гэхдээ түүний өчүүхэн нэг эд эс гэдгээ хүн ерөөс тэр бүр ухаарахгүй явсаар ертөнцөөс тасардаг нь өр өвдөм.
Ертөнц хэмээх үгийг би өөрийнхөө ертөнцөд эхлээд нэвтрэхээр тайлбарлая гэж бодож байна. Өөрийнхөө ертөнцөд нэвтэрч гэмээнэ ертөнцийн бусад бүх зүйлийн талаар баримжаалах жаахан ухаан сэхээ гийдэг хэмээн сэтгэж байгаа нь энэ.
Өмнөх бүх сэдвүүд явсаар өөрийгөө таних, өөртөө сэрэмжлэх, өөртөө дүгнэлт хийх, өөрөө суралцах, өөрийгөө магтах, зэмлэх гэх зэргээр ерөөс өөртэйгөө л ажиллах, өөрийгөө л алхам тутамдаа хөгжүүлэхийн тухайд үргэлж сануулсаар байсан даа. Заримдаа ядаргаа тээртэйгээр дахин дахин дадал хэвшил гэхчилэн үглэн дуулсан нь бий. Хүлцэл өчье!
Гэвч өөрийнхөө ертөнцөд хүн хамгийн тухтай, амар тайван, аз жаргалтай байдгийг та бүхэн мэдэж байгаа. Яг ямар үед ийм мэдрэмжүүд төрдөг вэ?
Хэнээс ч хамааралгүйгээр гаргасан шийдвэртээ бүдрэн унасан ч босоод алхах үед. Хэзээ ч биелэх нь тодорхойгүй тэр нэгэн зорилгодоо хүрсэн агшинд. Хэний ч өмнө хийсэн бүтээсэнтэйгээ ханьсан зогсох хоромд. Заримдаа ганцаардан эргэцсэн ч маргаашийн сайханд итгэл дүүрэн инээмсэглэх мөчид гээд дурдаад байвал хүн бүрт өөр өөр байх.
Өөрийн дотоод ертөнцийг таньж мэдэх талаар бид хамгийн сайн мэдэж байх ёстой юм. Өөрийгөө олно гэсэн үг, хувь хүнийхээ хувьд хэн болохоо, хамгийн сайн хийж чадах зүйлээ олох, энэ хорвоод юу хийж бүтээхээр ирсэн гэдгээ ухаарах нь дотоод ертөнцөө таньсан хүнд амархан.
Гэвч ихэнх нь энэ талаар бодох ч сөхөөгүй, өнөө маргаашийн хоол хүнс, мөнгө төгрөг, эд хөрөнгөний төлөө уралдан амьдарсаар хорвоог бардаг, өөрийгөө танихын тухайд ер тоох ч үгүй.
Гэтэл өөрийн дотоод ертөнцөө таньж, түүнийг хөгжүүлж амьдарна гэдэг хичнээн чухал, хичнээн утга учиртай билээ дээ. Яахав ээ, заавал хүмүүст таалагдах гэсний хэрэггүй. Одоо угаасаа хэн ч анзаарахгүй, анзаарсан нэг нь шоолон инээлдэж ч болно. Нам гүмхэн, даруухнаар өөрийгөө л хөгжүүлээд бай. Аяндаа бүх зүйл цэгцэрч, дотоод ертөнцийн хүч чадлаар бүтээсэн бүхэн хэрэгтэй нэгэндээ хүрэх болно.
Монголчуудын гүн ухаанч сэтгэлгээний нууц энд оршдог. Эрдэм номонд шамдан суралц, өөрийгөө хөгжүүлэхдээ хатуу чанд, өрөөл бусдад харин зөөлөн ээлтэй ханд, уужуу тайван бай гэх зэргээр хүний зөв төлөвшил хөгжлийн талаар олон зуун сургаал бий.
Дэлгэрэнгүйг “Өөрийгөө бүтээ” номоос…