Уран бүтээлч аавын гар уран зураг амилуулна. Аавын зүрх сэтгэл, урлагийн сэтгэлгээ, оюун ухаанаас нь урган гарсан бүтээл түүний уран гараар дамжин бий болж байгаа нь энэ. Байгалийн сайхныг илтгэсэн өнгө будгийн гайхамшигт хослол сэтгэлийн утсыг хөндөхгүй байх нь үгүй.
Монгол зураг, хөрөг, уран зураг, усан будаг, таталбар, судалбар, натюрморт гээд олон төрлийн зургийг уран сэтгэмжээрээ, сэтгэл зүрхээрээ, бүтээлч гараараа илбийн мэт урлана. Аав минь ийм л уран бүтээлч.
Хүүхэд байхдаа сониучирхан хардаг байсан аавын зургийн палитр, дээр нь тосон будаг өнгө хоршин харагдахад хурууны өндөг бүрээ өөр өөр будганд хүргэчихээд арилгах гэж улайтал нь үрдэг байсан дүр зураг сэтгэлд одоо ч тодхон. Аавын бүтээл амилах бүрт гайхан биширдэг ч үнэ цэнийг нь тэр бүр ойлгоогүй явж.
Хэдийгээр зураг зурж чадахгүй ч уран бүтээлч аавын дэргэд өссөн болохоор уран сэтгэмж, бүтээлч сэтгэлгээ өсөн хөгжиж, оюун ухаанд минь хуран хуримтлагдаж байсныг сүүлд ойлгохдоо зураач болдог байж дээ хэмээн битүүхэн бодолд автсансан.
Гэхдээ хоосонгүй ээ, уран зураг сонирхож, үзэсгэлэн үзэх дуртай болж, төсөөлөн бодохуйгаа хөгжүүлэх, гоо зүйн мэдрэмжтэй байх тал дээр чамлалтгүй нэгэн болоход минь аавын уран бүтээл хамгийн их нөлөөлжээ. Дээр нь бас хүүхдэд бүтээлч сэтгэлгээ төлөвшүүлэх, хөдөлмөрч дадал хэвшүүлэх талаар судлах, энэ талаар бусдад уриалахад хүртэл аавын уран бүтээлийн нөлөө их бий.
Бүтээлч хүн гэж хэнийг хэлэх вэ? Бүтээлч хүн хүүхдэд хэрхэн эерэг нөлөө үзүүлэх боломжтой вэ? Бүтээлч хүнийг бий болгоход хүүхдийн хүмүүжил яагаад чухал вэ? Та энэ талаар хааяа боддог уу? Би бол боддог. Хааяа ч биш үргэлж боддог учраас бүтээлч хэн нэгний дэргэд өссөн хүүхэд бүтээлч болох магадлал хамгийн өндөр гэж ойлгосон, бас мэдэрсэн.
Уран бүтээлч аавын бүтээл нь зураач болоогүй миний далд ухамсарт нөлөөлж, би уран бүтээлд дуртай, уран бүтээлчийг хүндлэхэд суралцсан. Бас бүтээлийн үнэ цэнийг ойлгож, хайрлахад, тэдгээрээс сэтгэлийн таашаал авахад суралцсан юм.
Уран бүтээлч хүн дотоод дуу хоолойгоо хамгийн сайн сонсдог учир ертөнцийн сонин содон бүхнийг бүтээлээрээ илэрхийлж, хүний мөн чанарыг эсвэл байгалийн түмэн өнгийг бүтээнэ. Оюун ухаан, бүтээлч сэтгэлгээнээс урган гарсан санаагаа гараар бүтээхдээ өөр өөрийн өвөрмөц дүр төрхийг илтгэнэ. Уран бүтээл ингэж төрнө, урлагийн гайхамшиг үүнд оршино.
Уран бүтээлч хүн хөдөлмөрч байдаг. Уйгагүй, цаг наргүй, зөвхөн төсөөлөлдөө буусан бүтээлийг бий болгох гэж хөдөлмөрлөнө. Бүтээл нь түүний сэтгэлд үл хүрвэл дахиад шинээр эхэлнэ. Тэвчээртэйгээр, тасралтгүй хичээнэ, зүтгэнэ. Заримдаа гуниглана, эсвэл инээнэ, сэтгэлдээ нийцсэн бүтээл туурвихад хэдэн өдөр биш сар жилүүдийг зарцуулна.
Урлагийн бүтээлийн гоо сайхан, түүний үнэ цэнийг мэддэг, хайрладаг, ойлгодог болоход хөдөлмөрч, бүтээлч хэн нэгний үлгэр загвар зайлшгүй хэрэгтэйн учир энэ. “Алтны дэргэдэх гууль шарлана” гэдэг зүгээр ч нэг хэлсэн үг биш бололтой. Гэхдээ тэр нь хэр зэрэг нөлөөлсөн бэ, хэрхэн тууштай хөдөлмөрлөсөн бэ гэдгээс бас хамаарна.
Янз бүрийн салбарын уран бүтээлчид, бүтээлч хүмүүсийн амьдралаас харахад багаасаа урлагийн гэр бүлд өссөн, эсвэл гэр бүлийнхний хэн нэгний бүтээл урлахыг харж өссөн болохоор хэдий тэс өөр мэргэжил эзэмшсэн ч хобби сонирхол нь ямар нэгэн бүтээл урлахуй руу хөтөлсөн байдаг.
Тэгэхээр бүтээлч хэн нэгний үлгэр дууриалал нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд чухал нөлөөтэйгээс гадна гоо зүйн анхан шатны мэдлэгт суралцахад тусалдаг юм байна. Мэдээж түүнийг хөгжүүлж чадвал уран бүтээлч болох зам нээгдэж, урлагийн сайханд хөтлөгдөн бүр цаашилбал түүнд дурлуулж, урлагийн ертөнцөд хөл тавих сонголтын өмнө хүргэнэ.
Урлагийн бүтээлүүд дотроос уран зураг нь бүтээлийн чанар чансаагаараа дэлхийн аль ч улс оронд хамгийн аугаа уран бүтээлүүдийн оргилд тооцогдоно гэж би хувьдаа дүгнэдэг.
Учир нь уран зураг бол харах яруу найраг гэдэг шиг хүний сэтгэл хөдлөл, дотоод мөн чанар, ертөнцийг үзэх үзэл, гоо сайхны нарийн мэдрэмж зэргийг уран бүтээлчийн гарын ураар дамжин өнгө будгийн тансаг хослолоор илэрхийлэгддэг. Яахын аргагүй харах яруу найраг байхаас өөр зүйрлэл үгүй.
Уран бүтээлч аав бүхэн үр хүүхдүүддээ ийнхүү эерэг сайнаар нөлөөлөн хүүхдийнхээ ирээдүйн амьдралд хөдөлмөрч, бүтээлч байхыг үлгэрлэн харуулахыг хичээх хэрэгтэй санагдана. Аав бүхэн уран бүтээлч биш ч гэлээ аав бүхэн хөдөлмөрч байх боломжтой. Хөдөлмөрч хүн бүтээлч байдаг тул аавын үлгэр дууриалал үр хүүхдүүдийнхээ ирээдүйн зам мөрийг гэрэлтүүлэх учиртай.
Аав таны хариуцлага бол зөвхөн гэр бүлээ авч явахын төлөөх тэмцэл, эсвэл ажлын төлөөх зүтгэлээр бус хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийн хөтөч болж чадсан уу гэдгээр хэмжигдэхийг бас санахад илүүдэхгүй шүү.
2019.06.12