Хүүхдийн гэгээн цайлган ертөнцөд мөрөөдлийн орон зай хязгааргүй. Тэд уншсан ном, үзсэн кино, өөрийн сонирхол болон эргэн тойронд буй томчуудын дүр төрх зэргээс үүдэн олон янзын мөрөөдлийг сэтгэлдээ тээн ургуулж байдаг.
Хүүхдийн мөрөөдлийг зөв хөгжүүлэхэд, мөрөөдөлдөө алхам алхмаар хүрч болдгийг ойлгуулахад аав ээжүүдийн үүрэг оролцоо чухал. Үүний тулд манай ард түмэн хүүхдийг бага наснаас нь үлгэрийн ертөнцөөр аялуулан үлгэрийн баатруудын баатарлаг үйлс, сайхан сэтгэлээр бусдад туслах, сайн хүн байх үлгэр дууриалалаар зорьсондоо хүрэх арга зам нь дандаа зөв байхыг сургаж ирсэн түүхэн уламжлалтай.
Орчин үед хүүхдийн мөрөөдлийн ихэнх хэсгийг “ОД” болох хүслэн, үнэтэй хувцас, ганган машин, босс болох, баян болох гэсэн ахуйн хэрэгцээт гэж болохоор зүйлсүүд эзлэх болсон нь эцэг эхчүүд бидний хүмүүжлийн арга барил дутагдалтай байгааг илтгэнэ.
Нөгөө талаар мэдээж үүнд нийгмийн орчин ихээхэн нөлөөлж байна. Тэгвэл аав ээжүүд бид хүүхдийнхээ мөрөөдлийг сонсож, ирээдүйд хэн болохыг нь ярилцаж, хамтдаа мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
Хэрвээ та хүүхдийнхээ мөрөөдлийг сонсож, түүндээ хүрэх шат гишгүүр нь өөртөө зорилго тавих, зорьсондоо алхам алхамаар хүрэх, үүний тулд хийх зүйлсээ төлөвлөхийг сургаж чадвал хүүхдийнхээ ирээдүйн амьдралд маш том ахиц дэвшлийг бий болголоо гэж ойлгож болно.
Мөрөөдөл бол хүсэл тэмүүлэл төдий зүйл биш. Харин мөрөөдөлдөө хүрэхийн тулд өдөр бүр тодорхой цаг хугацаа зарцуулж, тасралтгүй хөдөлмөр шаардсан төлөвлөгөөт ажил юм.
Мөрөөдлийн талаар ярилцсаны дараа түүнд зориулсан цаг хугацааг өдрийн дэглэмд багтааж өгнө. Хэрвээ таны хүүхэд зураач болохыг хүсдэг бол өдөрт эхлээд гучин минутыг цаашлаад нэг цагийг зураг зурж өнгөрүүлэх гэх мэтээр мөрөөдөлдөө хүрэх анхны алхамыг нь эхлүүлээрэй. Мэдээж энд таны оролцоо, урам дэмжлэг, зургийн хэрэгсэл гэх мэт хэрэгцээт зүйлсийг бэлдэж өгөх нь чухал.
Хэдийгээр хүүхдийн мөрөөдөл өөрчлөгдөж байдаг ч гэсэн анхнаасаа зөв дадалд сурсан хүүхэд хэзээд мөрөөдлийнхөө эзэн болдог. Хамгийн гол нь үр хүүхдүүд маань хий мөрөөдөгч биш бүтээгч, мөрөөдөлдөө хүрэхээр уйгагүй хөдөлмөрлөгч, түүнийхээ төлөө шантралгүй тэмцэгч болоход нь аав ээж хамтдаа хичээвэл зохино.
Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…