ХҮҮХДЭД ЭРҮҮЛ

ХҮҮХДЭД ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХ МЭДЛЭГ, ДАДАЛ ОЛГОХ

Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг юутай үнэн үг вэ. Хүний бие гайхамшигтай бөгөөд хүнээс өөрөөс нь үл шалтгаалан өсөн хөгжиж, төлжин цэцэглэж байдаг ч биедээ эзэн болохгүйгээр амьдрах аргагүй юм.

Хүүхэд ахуй наснаас өөрийн биеийг арчлан тордох, эрүүл мэндийн мэдлэг олгох, зөв дадал хэвшилд сургаснаар эрүүл аж төрөх үндсийг бүрдүүлнэ. Энд эрүүл амьдралын хэвшил болох зөв хооллох дадал, ариун цэвэр сахих, эрүүл мэндийн үнэн зөв мэдлэгтэй байх, биеийн тамираар хичээллэх буюу дасгал хөдөлгөөн хийх зэрэг идэвхтэй амьдрах хэвшлүүд багтана. Товчхон тайлбарлая.

ЗӨВ ХООЛЛОЛТ бол хүүхдийг нэмэлт хоолонд орохоос эхлэн өсөж том болох хүртэл нь хэрэгжүүлэх эрүүл хооллолтын хөтөлбөр байх ёстой. Үүнийг хөтлөн явуулахад гэр бүлийн бусад гишүүдийн амьдралын хэвшил, хооллох соёл чухал нөлөөтэй. Ямар орчинд өсөж торнино, тийм л хооллох дадал хэвшил тогтоно.

АРИУН ЦЭВЭРЧ БАЙДАЛ нь хүн биеэ зөв авч явахад хамгийн чухал дадал хэвшлүүдийн нэг. Гарын ариун цэвэр, амны хөндийн ариун цэвэр, хөлийн ариун цэвэр, цэвэр хувцаслах гэх мэтчилэн энэ биеэ цэвэр цэмцгэр авч явах нь хүний өөрийнх нь үүрэг хариуцлага тул багаас нь үүнд анхаарч, зөв дадал хэвшүүлэх нь зүйтэй.

ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЛЭГТЭЙ байх нь мөн л бидний эрүүл амьдрах үндсийн нэг хэсэг болно. Орчин үед эрүүл мэндийн мэдлэг дутмагаас эмийн хэрэглээ хэтэрч, эмэнд дасал болох, дур мэдэн эм хэрэглэн хордох үзэгдэл газар авсаар байна. Эрүүл мэндийн мэдлэг дутмаг байх нь биедээ гарч буй биологи физиологийн зарим өөрчлөлтүүдийг мэдэхгүй байх, өвчний шинж тэмдгийг таамгаар тодорхойлж дур мэдэн эм хэрэглэх, эсвэл өвчнөө мэдэхгүй байсаар хүндрүүлэх, өвчин залуужих эрсдлүүдийг бий болгож байна.

БИЕИЙН ТАМИРААР ХИЧЭЭЛЛЭХ буюу дасгал хөдөлгөөн

хийх нь хүүхдийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ чийрэгжүүлэх, биеийн дархлааг дэмжих, элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, насан туршийн сайн дадал хэвшил болдог. Монголчууд эрт дээр үеэсээ нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсантай холбоотойгоор хүүхдийн бие бялдрыг багаас нь дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлж, хөгжүүлдэг байсан.

Мэдээж эдгээр дадал хэвшлийг хүүхдэд суулгахад аав ээжүүд бид тэдэнд туслах, мөн өөрсдийн үлгэр дууриалал, амьдралын хэвшлээрээ батлан харуулах ёстой. Эрүүл чийрэг бие бялдартай, зөв дадал хэвшилтэй ирээдүйн иргэдийг гэр бүл дотор аав ээж бид л төлөвшүүлнэ.

Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ