ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН

Эрүүл амьдралын дадал хэвшил

Эрүүл амьдралын дадал хэвшлийн тухай товч бичлэг хийж байсныг зарим нь санаж байгаа байх. Одоо тэр тухай эргэн бодох, дахин сануулах хэрэг гарч байна.

1. Эрүүл зөв хооллолт

2. Ариун цэвэрч байх

3. Дасгал хөдөлгөөн

4. Эрүүл мэндийн талаарх мэдлэг

Эдгээр дадлыг өөртөө зөв тэнцвэртэйгээр хэвшүүлчихвэл элдэв өвчнөөс сэргийлж чадна гэж бодож, хэрэгжүүлэхээр хичээж л явна. Коронавирусын халдвараас сэргийлэх эмчийн зөвлөгөөнд дээрх дадал хэвшлүүд бүгд дурдагдаад л байгаа…

Жишээ нь: Уламжлалт хоол хүнсээ зөв хэрэглэж хэвшвэл элдэв өвчнөөс сэргийлээд зогсохгүй, эрүүл мэндэд хамгийн ашиг тустай нь бидэнд л байна. Шар тос, сүүлний өөх, сайн чанарын мах, кальциар элбэг ааруул хурууд, аарц, айраг хоормог, шимийн архи хүртэл.

Уламжлалт хоол хүнсний зүйлсийн сонголт арвин байхын зэрэгцээ, хоол хийх бүртээ гараар бүгдийг бэлтгэж, шинээр боловсруулж иддэг уламжлал. Бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэж заншаагүй ард түмэн эрүүл байх нь ойлгомжтой шүү дээ.

Эрүүл амьдралын дадал хэвшилд зайлшгүй байх ёстой жор бол бэлэн, хагас боловсруулсан хүнс, түргэн хоолноос татгалгах. Үүнээс гадна хоол хүнсний зүйлийн сонголтондоо анхаарах, эрүүл мэндэд ашиг тустайг нь сонгох, хоол хүнсний талаарх эх үүсвэрт мэдээлэл унших, судлах, мэдлэгийн хүрээгээ тэлэх. Биеийн онцлогтоо тохирсон хоолны дэглэм барьж байх.

Ариун цэвэрч зөв дадалтай бол гараа байнга угааж байх (Б.Бааст гуай гараа байнга угаах нь эрүүл урт наслахын үндэс гэж хэлсэн байдаг даа), юм бодогдуулна шүү. Гадуур гараар орж ирсэн бол, хоол хийхийн өмнө, гараар ямар нэг бохир зүйлд хүрсэн бол гэх мэт тохиолдол бүрт гараа угааж байх. Гараа тогтмол угаагаад хэвшчихвэл өөрийн эрүүл мэнд болон гэр бүлийнхний эрүүл мэндэд маш чухал шүү.

Ер нь гэртээ гадны бактери вирус тээж орохгүйн тулд гадуур өмссөн хувцсаа гэртээ орж ирээд заавал солих, ор дэрэн дээрээ гадны хувцастай суухгүй байх, гар нүүрийн алчуур, биеийн алчуур бүгд тус тусдаа байх, аяга халбага хүртэл хүн бүрийнх тусдаа байх гээд наад захын хэвшлүүдээ анзаарах хэрэгтэй болно.

Хүний бие гэдэг өөрөө өөрийгөө засаж сэлбэж байдаг гайхамшигтай тогтолцоо юм билээ. Түүнийг хамгаалаад л, хариуцаад, зөв хэвшлээр тэтгээд явах нь дасгал хөдөлгөөн. Байнгын хөдөлгөөнөөр энэ биеэ чийрэгжүүлээд, өвчнөөс сэргийлээд, бас өвчин эсэргүүцэх системээ хүчирхэг байлгах дадал л чухал гэсэн үг.

Хөдөлгөөнтэй байх нь биеийг чийрэгжүүлэхээс гадна сэтгэл санааг өөдрөг сэргэлэн байхад чухал нөлөөтэй юм билээ. Байнгын хөдөлгөөн гэхээр мэдээж өдөр бүрийн тогтмол дасгал хөдөлгөөн гэсэн үг. Залхуурч нэг л өдөр алгуурлавал үр дүнгүй гэдгийг санах хэрэгтэй.

Эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг эх үүсвэртэй олж авах, түүнд шүүлтүүртэй хандах хэвшилд суралцах маш чухал. Жишээ нь: Нүүрсний утаа, автомашины утаа угаар, тоос тоосонцор, хөрсний бохирдол, мөөгөнцөр, бактери, вирус зэргээс үүдэлтэй элдэв өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ? Дахиад л нөгөө эрүүл мэндэд хэрэгцээтэй үнэн зөв мэдээлэл л гэж хэлье дээ.

Өнгөрсөн жилийн өвлийг утаанаас, ханиаднаас хол өнгөрүүлсэн маань хамгийн сайн чанарын амны хаалт байсан. Энэ жил ч мөн адил амны хаалттай явахаар хүмүүс эвэртэй туулай үзсэн мэт хардаг байж билээ. Ойрдоо харин хэн нь хэнийгээ харж гайхах вэ дээ, бүгд сайхан амны хаалттай явна.

Уг нь гайхаад байх зүйлгүй, угаасаа өвөл хаврын цагт утаа тоос, бактер вирусаас хамгаалахын тулд өдөр бүр амны хаалт зүүгээд яваад байвал болж л байгаа биздээ?

Энэ коронавирусын сургаар нэг зөв хэвшил ингээд тогтчихоосой. Энд бас амны хаалт зүүх нь эрүүл мэндэд ямар ач тустай юм? Яагаад зүүх хэрэгтэй вэ? Яг ямар төрлийнх нь сайн юм бэ? Гадаа болон дотор зүүх амны хаалтны ялгаа, амьсгалах хавхлага ямар байх ёстой вэ? гэхчилэн мэдээллүүдийг шүүлтүүрдэн судлах шаардлагатай болно.

Нэмж хэлэхэд эргэн тойронд байж л байдаг элдэв бактери, вирусийн талаар болон янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, хэрэв өвдсөн тохиолдолд хэрхэх талаар, эм бэлдмэлийн талаар гээд эх үүсвэртэй, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл, мэдлэгтэй байх хэрэг гарч байна гэсэн үг.

Мөн хаа сайгүй, хайр найргүй сурталчлах тураах, гоолиг болгох, гоо сайхан болгох, эрүүлжүүлэх, эдгээх эмчлэх нэр шошго бүхий эм бэлдмэлүүдийг таны биед ямар нөлөө үзүүлэх талаар нарийвчлан судлахгүйгээр хоол цай  шиг л идэж ууж байгаа бол харамсалтай нь ямар нэг өвчний суурийг та өөрөө өөртөө бий болгочихож байгаа юм биш биз?

Дээрх дадал хэвшлүүдийн талаар яриад байвал их зүйл бий. Яагаад бид өвдсөн хойноо харамсдаг юм бэ? Яагаад бид өвдөхгүй амьдрах боломжгүй байгаа вэ? Яагаад элдэв өвчин энд тэнд дуулдаад, бүр энд дэргэд харагдаад байгаа юм бэ?

Яагаад гэх олон асуултын хариу бидний дотор бий. Хүн бүр өөрийн эрүүл мэндээ хамгаалах үүргээ биелүүлж, эрүүл амьдралын дадал хэвшлийг өдөр тутамдаа хэвшүүлчихвэл болох нь тэр.

Өвчин гарсан үед хамгаалах нь зөв байлгүй яахав. Гэхдээ өдөр бүрийн амьдралын хэвшлээ эрүүл, зөв болгочихвол эрсдлийг бууруулаад зогсохгүй эгзэгтэй иймэрхүү үед нээг их зүдрэлгүйгээр хэрэгжүүлдэг энгийн дадал болчихно шүү дээ. Яг одоо хүн бүр амны хаалттай явж байгаа шигээ, гараа байнга угааж байгаа шигээ бас нус цэрээ гудамжинд хаяхгүйгээр хэвшчихвэл ч дэвшил дэвшил.

2020.01.29

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ